Sunday, January 19, 2014

http://mongolnews.mn/w/6445 


Монголын “БИТЛЗ” 20 жилийн дараа

2010-06-18 15:04:51







“Манайд ирээрэй”, “Бүсгүйчүүд”, “Зүрхний үг”, “Алтан хавчаар” энэ бол өдгөөг хүртэл бидний сэтгэлд уяатай эгшиглэдэг мөнхийн хит дуунууд. Дал, наяад оны залуусын хөл нийлүүлэн бүжиж, хоолой нийлүүлэн дуулдаг байсан эдгээр дууг “Инээмсэглэл” хамтлаг анх амилуулж байсан. Дуулсан дуу бүр нь олны таашаалд нийцэж, 30 гаруй жил шүтэн бишрэгчдийнхээ зүрхэнд хоногшсон гээд бодоход Монголын эстрад урлагийн нэгэн домог, салшгүй түүх нь энэ хамтлаг билээ. 20 гаруй жил уран бүтээлээ завсарласан “Инээмсэглэл”- ийнхэн саяхан анхны цомог, клипээ гаргасан. Хэзээний танил намуун хоолой, хөнгөн хэмнэлтэй эргэн учруулж, зарим хүний залуу нас, дурсамжийг сэдрээн санаа алдуулсан байх. Тун удахгүй буюу ирэх амралтын өдрүүдэд хамтлагийнхан “Инээмсэглэл 331/3” тоглолтоо Соёлын төв өргөөнд хийх гэж байна. Тэд хэзээнээсээ уран бүтээлийн төлөө “шатаж” явснаас биш, тооны хойноос хөөцөлдөж байгаагүй. Тиймээс том тоглолтын танхим, олон үзэгч, арвин орлого хүсээгүй. Харин үзэгчидтэйгээ халуун дотно харилцаа бий болгож, амьд мэдрэмж төрүүлэн, хөгжмийн “халуун” аялгууг хүргэхийг зорьсон аж. “Инээмсэглэл” хамтлагийн зарим гишүүн өдийг хүртэл урлагтаа үнэнч хүчин зүтгэж яваа. Харин урлагаасаа удаан хугацаанд хөндийрөөд байсан гишүүд “хуучны эд” шиг чанар зааж, гурван сарын бэлтгэл хийгээд л формондоо орчихсон явна билээ. Тоглолтынх нь өмнө тэдэнтэй товчхон хөөрөлдлөө.

АЛБАН ЁСНЫ БУС ДАРГА ЧУЛУУНЫ ГАНБОЛД
“Инээмсэглэл” хамтлагийн албан ёсны ахлагч нь бөмбөрчин Тогоогийн Энхболд. Хамтлагийнхан нь түүнийг Энхүүш гэж дууддаг. Тэрбээр Эрхүүд ажилладаг учраас энэ удаагийн тоглолтод ирж амжаагүй. Харин түүнийг Ч.Ганболд орлож байгаа. “Инээмсэглэл”-ийн гоцлол дуучдын нэг Ганбаа ах угаасаа 30 жилийн өмнө ч гэсэн хөтөлбөр боловсруулах, дуу сонгох, найруулах ажилд ханцуй шамлан орж, хамтлагийнхнаа командалдаг байсан орлогч дарга. Тэрбээр “Төгөлдөр” сангийн тэргүүн, хатагтай Х.Отгонтуяаг “хатгагч” хэмээн онцлон ярилаа. Учир нь өөр өөрийн гэсэн ажлаа хийгээд нам гүмхэн байсан тэднийг энэ хатагтай шавдуулж бас “хатгаж”, ганц ч цомоггүй, клипгүйг нь сануулж, ивээн тэтгэх санал тавьснаар тоглолт хийх хүртлээ ажил өрнөөд байгаа аж.
-“Инээмсэглэл” хамтлаг анх хэрхэн байгуулагдсан бэ? 
-Нарийн тоолбол манай хамтлаг 30 биш 40 жилийн түүхтэй. Балчинжавын Долгион, Намсрайн Ганхуяг бид гурав 1970 онд тухайн үеийн Зөвлөлтийн нэгдүгээр сургууль буюу одоогийнхоор орос гуравдугаар сургуульд сурдаг байхдаа анхны хамтлагаа байгуулж байлаа. “Инээмсэглэл”-ийн гарал үүсэл тэндээс эхтэй. Сургууль төгсөөд бүгд ЗХУ-д суралцахаар явж, тэнд “Улыбка” нэртэйгээр тоглодог байсан. Энэ бол Н.Ганхуягийн маань өгсөн нэр. 1978 оноос орчуулж “Инээмсэглэл” хамтлагаа байгуулсан. Тухайн үед “Баянмонгол”, “Соёл эрдэнэ” гэж хоёр хамтлаг л байлаа. Залуу хүмүүс учраас өөрсдийн хүссэн хөгжмөө сонсож дуугаргах эрмэлзлээр нэгдсэн юм. Манай улсын хилийн цаана ямар хөгжим эгшиглэж, залуус юуг сонирхож байна гэдгийг харуулах нь бидний зорилго байлаа. 
-Олон жилийн дараа эргэн нэгдэж уран бүтээлээ сэргээлээ. Энэ бүхнийг юу гэж дүгнэж байна вэ? 
-Маш завгүй, ажилтай хэрнээ гэнэтхэн гарч ирээд дуулах болсон маань нэг л хүнтэй холбоотой. Х.Отгонтуяаг анх санал тавихад би цааргалсан. Өмнө нь тайзан дээр дуулж байсан ч урлагаас хөндийрөөд багагүй хугацаа өнгөрсөн учраас эргэлзэж байлаа. Б.Долгион, Н.Ганхуяг, Г.Пүрэвдорж гээд нөхөд маань одоо ч уран бүтээлээ хийж байгаа нь эргэлзээгээ хурдан арилгахад тусалсан. Олон жилийн дараа дуулахад их сонин мэдрэмж төрдөг юм байна. Залуу хүний нүдээр ертөнцийг харж дуулж байсан бол түүнээс хойш нэлээд оймс элээчихжээ. Энэ удаагийн цомогт бичүүлсэн дуунууд бид нарын олон жилийн өмнө дуулж байснаас арай өөр. Юм алдаагүй харин нэмсэн байх гэж дүгнэж байгаа.
 -Танай хамтлаг урын сандаа хэчнээн дуутай вэ? 
-Анхны цомог маань 20 дуутай. Радиод бичүүлсэн 60 гаруй дуу байдаг юм байна. Бичүүлээгүйг нь нэмбэл 100 гарах байх. Гэхдээ энэ бол миний хамтлагтаа байсан 1985 он хүртэлх л дуунууд. Манайхан наяад оны сүүлч хүртэл тоглож байсан шүү дээ. 
-“Инээмсэглэл”-ээр овоглодог уран бүтээлч олон уу? 
-Т.Энхболд, Ч.Ганболд, Н.Ганхуяг, П.Батчимэг, Б.Долгион, Б.Бадрууган, Д.Цогдэлгэр, Я.Оюундэлгэр, Г.Пүрэвдорж гэсэн үндсэн бүрэлдэхүүнтэй. Түүнээс хойш нэмэгдэж орсон хүмүүс бий. Нэгэн үе хөгжмийн зохиолч Балхжав ч гэсэн манай хамтлагт байсан. Харамсалтай нь Б.Бадрууган маань бидэнтэйгээ байхгүй байна. Түүний уран бүтээл болоод урлагийн төлөө зүтгэсэн ажил үйлсийг нь үргэлжлүүлж яваа хүү Б.Наранзун нь манай тоглолтод оролцож аавынхаа хоёр дууг дуулах юм.

Мэдээлэл радио телевизийн улсын хорооны дэргэдэх “Инээмсэглэл” хамтлагийн бүх гишүүн нь дуулчихдаг бас хөгжимддөг авьяастай. Тухайн үед өөрийн гэсэн дуугаа дуулна гэдэг нь том хувьсгал байсан гэлтэй. Анх Р.Энхбазарын хэд хэдэн дууг дуулж байгаад удалгүй Д.Цогдэлгэр “Зүрхний үг”, Б.Долгион “Хослон дуулъя”, “Урин хавар ирлээ” Ч.Ганболд “Дуучин гитар”, Г.Пүрэвдорж “Улаанбаатарын үдэш” зэрэг дуугаа зохиож урын сангаа баяжуулах болжээ. Түүний зэрэгцээ улсын байгууллагад хариуцлагатай ажил алба хашдаг тэдний бэлтгэл, ажил тарсны дараа эхэлж, үүрийн гэгээтэй уралдан өндөрлөдөг байсан гэдэг. Гэртээ харьж цай ууж, хувцсаа сольчихоод ажилдаа явдаг, нойргүй өнгөрүүлсэн шөнүүд “Инээмсэглэл”-ийн түүхийн нэг хэсэг нь. Хөгжимд хайртай, мэдрэмжтэй залуус зөв үедээ бие биенээ олсноор Монголын эстрад урлагийн түүхийг олон алхмаар урагшлуулах гавьяатай хамтлаг байгуулсан нь бахархмаар. Хаалттайд тооцогдож байсан барууны хөгжмийн хөг аялгууг “Битлз” хамтлагийн дуугаар дамжуулан монгол залууст хүргэж, хамгийн анх англи хэлээр дуулсан гээд тэдэнд талархмаар үйлс олон бий. 

“ИНЭЭМСЭГЛЭЛ”-ИЙН ОЛОН ТАЛСТЫГ ЦУГЛУУЛАГЧ БАЛЧИНЖАВЫН ДОЛГИОН
Хөгжмийн зохиолч Б.Долгион “Инээмсэглэл” хамтлагт зүтгэж явах үедээ “Новости Монголии” сонины ажилтан байсан. Тэрбээр аавынхаа шүлгэнд аялгуу хийж “Урин хавар ирлээ” дуугаа зохиосон учраас илүү хайртай гэсэн. Б.Долгион урлагт элэгтэй, сайхан дуулдаг, сайн хөгжимддөг залуус хаана байгааг чих тавин сонсож байгаад хамтлагтаа “урвуулчихдаг” байж. Өөрөө гоцлон дуулахгүй ч хоолой хийхдээ гарамгай. Б.Долгионы дууг дуулаагүй рок, попын алдартай дуучин, хамтлаг үгүй биз. Урлагийн тайзнаа дуулж буй олон уран бүтээлчийн “хоол”-ыг бэлтгэсэн буянтан хэмээн түүнийг онцолмоор.
-“Инээмсэглэл” хамтлаг ямар төрлөөр уран бүтээлээ хийдэг байсан юм бэ. Зарим хүн Монголын “Битлз”, нөгөө хэсэг нь “Вee gees” гэж тодорхойлдог. 
-Бид хөгжмийн боловсролынхоо хувьд “Битлз” маягийн хэлбэрээр тоглож байсан. Гэсэн ч сонгодгийг ч, уртын дууг ч сонсох дуртай. Хөгжмийн ертөнцийн аль сайхан бүхнийг дээдэлдэг залуус үзэл санаагаа дуугаар илэрхийлж байсан гэж хэлж болно. Олон хоолойгоор дуулдаг. Дууны шүлгэнд их анхаардаг байлаа. Хоёр эринг дамжсан хамтлагийн хувьд тухайн цагийнхаа онцлогт таарсан дуу шүлгийг дээдэлдэг байсан. Тийм учраас зарим дуу маань өдий болтол дуулагдаж байна. Уран бүтээл олон жил насалж байгаа нь бахархмаар санагддаг. Манай хамтлаг поп хэлбэрээр дуулдаг.

-Таны зохиосон хэчнээн дууг “Инээмсэглэл” дуулдаг вэ? 
-Цомогт оруулж, тоглолтод дуулах гээд шилдэг дуунуудаа түүвэрлэхэд Р.Энхбазар, Д.Цогдэлгэрийн дуунууд голлож байсан. Хамтлагийн уран бүтээлийн 20 хувь нь миний дуунууд байдаг юм билээ.


ГАЛТ ТЭРЭГНИЙ ХЭМНЭЛД “БИД ЦАС ОРОХОД ДУРТАЙ” ДУУ МЭНДЭЛЖЭЭ
Б.Долгионы урилгаар хамтлагтаа ирсэн аргил гитарчин П.Батчимэг өдгөө “Сансар” кабелийн телевизийн охин компани “Эс ти эйч”- д орчуулагч редактороор ажилладаг. Тэрбээр 20 гаруй жил хөгжим тоглоогүй учраас бэлтгэлээ шаргуу хийхээр “New star” дээр өдрийг өнгөрүүлж буй.
 -“Инээмсэглэл” хамтлагт орохоосоо өмнө хөгжим тоглодог байв уу?
 -Их сургуулийнхаа хамтлагт тоглодог байхад энэ саналыг надад тавьсан. “Инээмсэглэл” хамтлагийг сонсдог, дуугаралт сайтай хамтлаг гэж дүгнэдэг байсан учраас саналыг талархан хүлээн авч 1978 онд нэгдсэн. Хүнс нийтийн хоолны инженер технологич мэргэжилтэй, сайн дурын уран сайханч байсан ч энэ мэргэжлээр ажиллаагүй. 1981 он хүртэл хамтлагтаа тоглоод Худалдаа бэлтгэлийн яаманд гадаад харилцааны ажил хийж байсан учраас ажлын нөхцөл байдлаас шалтгаалан нөхдөөсөө уучлалт гуйгаад хамтлагаа орхиж байлаа. 
-Олон жилийн дараа гитараа барилаа. Сэтгэгдэл ямар байна? 
-Олон жилийн дараа тоглоход эвгүй байсан. Одоо бага багаар дасаж байна. Цомгийн бичлэг хийхэд дуучид гол үүрэгтэй байсан. Ч.Ганболд, Н.Ганхуяг, Я.Оюундэлгэр маань гоцолж бид хоолой хийдэг. 
-Хамтлагтаа зориулан дуу зохиож байв уу?
 -Худалдаа бэлтгэлийн яаманд байхдаа Сэлэнгэ аймаг руу ажлаар явах зууртаа галт тэргэнд “Бид цас ороход дуртай” дуугаа зохиосон. Буцаж ирээд найзууддаа санал болготол “Шинэ жил болж байгаа болохоор яг тохирно” гээд дуулсан. Уг нь гурван бадагтай дуу. Тухайн үед үзэл сурталд нийцэхгүй гээд гуравдугаар бадгийг нь дуулдаггүй байсан юм. Одоо л бүрэн эхээр нь дуулж байна.


ХАМТЛАГИЙН МЭРГЭЖИЛТЭН
Пүүжээ ахыг ЗХУ-д консерватор төгсөөд ирэх үед “Инээмсэглэл”-ийнхэн ид дуулж байсан гэдэг. Хөгжмийн зохиолч мэргэжилтэй хүний хувьд тэднийг аялгуу сайтай дуулдаг юм байна хэмээн үнэлж байсан аж. Гэтэл 1980 онд Б.Долгион ах даралтат хөгжимчнөөр хамтлагтаа орохыг урьж, удалгүй Москвад хамтлагтайгаа Залуучуудын их наадам оролцож байснаа тэр дурсан ярих дуртай. 
-Та “Улаанбаатарын үдэш” дуугаа хэдэн онд зохиосон бэ? 
-Миний уран бүтээлийн эхэн үе “Инээмсэглэл” хамтлагтай салшгүй холбоотой. Анхны дуу маань “Улаанбаатарын үдэш”. П.Сандуйжав гуайн шүлэг шүү дээ. 
-Та хэр зэрэг дуулдаг вэ? 
-Дуулахгүй. 500 граммын дараа бол магадгүй. /инээв/ 
-30 жилийн дараа анхны цомгоо гаргалаа. Сэтгэгдэл ямар байна вэ? 
-Анхны цомог, клипээ 30 жилийн дараа гаргалаа. Магадгүй дахиад 30 жилийн дараа хоёр дахиа гаргах ч юм бил үү. Клип гэж байгаагүй учраас телевизийн нэвтрүүлгийн бичлэгт их ордог байлаа. Залуу насаа эргэн дурсаж, нэгэн үдэш цэнгээрэй гэж тухайн үед “Инээмсэглэл”-ийг шимтэн сонсдог байсан бүх хүмүүсийг уримаар байна.


30 ЖИЛ ДУУРСАХ НЭРИЙГ ӨГСӨН НАМСРАЙН ГАНХУЯГ 
Ч.Ганболд, Б.Долгион нар дунд сургуульд байхдаа хамтлагтаа бөмбөрчин авахаар Н.Ганхуягийг “шалгажээ”. Бөмбөр тоглож чаддаггүй ч хамтлагт орохын тулд чадна гэж ам гарч, сурагчийн ширээ сандлаа нийлүүлэн цохиж үзүүлбэл нөгөө хоёр нь ч “тэнцлээ” гэж хэлсэн гэдэг. “Тугал” хамтлагийн гишүүн болсноор ахлах ангийнхны ордог үдэшлэгт хаалтгүй нэвтэрч, алдар нэрийн зах зухыг мэдэрч эхэлсэн хэмээн Н.Ганхуяг ах ярилаа.
 -“Улыбка” буюу “Инээмсэглэл” гэдэг нэрийг хэрхэн бодож олсон бэ?
 -Залуу насны инээд хөөр баяр баясгаланг нэрэндээ тусгасан хэрэг. Мөн тухайн үед бүгд нэг хэвийн бараан саарал өнгөтэй хувцастай баргар царайтай байдаг байсан учраас инээмсэглэл бэлэглэмээр санагдсан юм. “Улыбка” гээд хэлэхэд хүн бүрийн нүүрэнд баясгалан тодорно.

-Хамтлагийнхан ямар хэв маягаар хувцасладаг байв аа?
 - “Битлз” хамтлагийн уран бүтээл бол дуу хөгжмийг давж гарсан зүйл байлаа. Хаалттай хил хязгаарыг давж Монголд ирсэн. Тухайн үед хил гааль хатуу байсан ч пянзыг нь яаж ийгээд оруулж ирээд бие биенээсээ хувилж сонсдог байлаа. Манайхан ч гэсэн “Битлз”-ийг дуурайж доогуураа өргөн өмд өмсөж, үсээ ургуулдаг байсан. “Битлз”-ийнхэн хослолтой дуулдаг байсан шүү дээ. Бид ч бас хослолтой дуулдаг л байсан. 
-Хөдөө орон нутгаар их тоглодог байв уу?
 -Олон хамтлаг байгаагүй учраас их явдаг байлаа. Ачааны тэрэгний тэвшийг дэлгээд л дуулна. Энд тэндээс залуус цуглан машины гэрлээ тусгаж байгалийн тайзны гэрэлтүүлэг бий болгож, хөл нийлүүлж бүжиглэхээр нь тоос босож тайзны утааг орлоно. Улс орны бүтээн байгуулалттай мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж байсан. “Манайд ирээрэй”, “Бүсгүйчүүд” зэрэг нэвтрүүлгийн дууг бид дуулж, тэр нэвтрүүлэгт нь ажил үйлсээрээ тэргүүлж буй байгууллага хамт олон оролцдог байсан.


 МОНГОЛ ХЭЛ МЭДДЭГГҮЙ БАЙСАН “ЭНЭТХЭГ” ХҮҮ 
Энэтхэгт төрж өссөн хүү эх нутагтаа ирэхдээ монгол хэл огт мэддэггүй байжээ. Түүнийг Д.Цогдэлгэр гэдэг. Хөгжим бүжгийн коллежид сурч, гурван жил ухарч төгссөнийхөө дараа “Инээмсэглэл” хамтлагт П.Батчимэгийг орлохоор иржээ. Тэрбээр ийн дурслаа.

-“Зүрхний үг” бол миний анхны дуу. Дараа нь “Орчлон дэлхий дээр би жаргалтай”, “Совин билгийн дуу”, “Уулын орой голоос ундаална” зэрэг дууг зохиосон. “Намрын инээмсэглэл” нэвтрүүлгийг хийхээр оюутнууд дээр очиж тоглодог байсан үе сайхан санагддаг. Өглөө ажилтай хэрнээ оюутнууд үүр цайтал дуулж, бүжиглэж хонодог байж билээ. Анхны дуугаа зохиогоод 280 төгрөгөөр шагнуулж гитар авч байсан. Гэхдээ энэ дууг маань уран сайхны зөвлөл “Зүрхний үг” гэж байх ёсгүй гээд “Сэтгэлийн үг” болгож нэрийг нь өөрчилсөн. Радиогийн урын санд энэ нэрээр хадгалагдаж байгаа.
-Та энэ тоглолтод ямар ямар дуугаа оруулахыг хүсэж байсан бэ? 
-Миний анхны дуу хамтлагийн маань анхны клиптэй дуу боллоо. Н.Ганхуяг, Б.Сарантуяа хоёрын хамтран дуулдаг “Чиний үгүйд” гэж дуугаа оруулахсан гэж хүсэж л байлаа. Гэхдээ дараа нь өөрийнхөө дуунуудаар нэг цомог гаргах зорилготой байгаа.


“ИНЭЭМСЭГЛЭЛ”-ИЙН “СУВД” 
Б.Бадрууган агсантай хамтран хослон дуулдгаар нь Я.Оюундэлгэр эгчийг сайн мэднэ. Хамтлагийн ах нар нь түүнийг сайхан дуулдгийг мэдээд “мэхэлж” байгаад эгнээндээ нэгтгэчихсэн гэсэн. Эрчүүдийн хамтлагт нэгэн бүсгүйн уянгалаг хоолой нэмэгдсэн нь содон зүйл байсан аж. 
-Энэ хамтлагт яаж орсон бэ? 
-Дунд сургуульд байхаасаа дуулах дуртай охин байсан. Ялангуяа англи дуу их дуулна. Хөгжим бүжгийн коллежийн нэг хамтлагт дуулах санал ирж л байлаа. Тухайн үед би “Инээмсэглэл” гэж хамтлаг байдгийг мэддэггүй байсан юм. Нэг удаа Балхаагийн ятгалгаар нэг дуу дуулсан юм. Тэгэхэд нь Д.Цогдэлгэр хамт байж байгаад хамтлагийнхандаа хэлж л дээ. Тэгээд над руу тэд хэд хэдэн удаа утасдаж Төв шуудангийн дээд давхарт байдаг Радио телевизийн хорооны байранд дуудаж уулзсан. Шинэ жилийн өмнөхөн энэ уулзалт болж, тэд хамт дуулж бичлэг хийлгэх санал тавьсан. Шууд хамтлагт орооч гэвэл зөвшөөрөхгүй гэж эмээсэн байх. Ингээд л нэгэнт хамт дуулж бичлэг хийлгэсэн учраас тоглолтод оролцсоор “Инээмсэглэл”-ийн гишүүн болчихсон.


Ж.Солонго



Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа